news

Тэртээ 1899 онд Токио хотын Нихонбаши гэх хөл хөдөлгөөнтэй загасны захаас эхлэлтэй гюүдон буюу агшаасан цагаан будааг тусгай соусанд чанасан нимгэн хэрчсэн үхрийн мах, сонгиноор амталж бүрхсэн хоол өдгөө Япон улсын хамгийн алдартай түргэн хоол болсон түүхтэй. Тэгвэл уг хоолны жорыг анхлан зохион бүтээж, өнөөдрийг хүртэл анхны амт, чанараа хадгалж ирсэн “Yoshinoya” сүлжээ ресторан Монгол Улсад анхны салбараа нээгээд таван сар гаруй хугацаа өнгөрчээ. Бид энэ нийтлэлээрээ тус рестораны ялгарал, ажиллах арга барилыг онцолж байна.

Нэр: Yoshinoya
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, The One center буюу хуучнаар Home Plaza 2, нэгдүгээр давхарт
Чиглэл: Түргэн хоолны сүлжээ ресторан
Үүсгэн байгуулагч: О.Гэрэл
Үүсгэн байгуулагдсан он: 2022
Холбоос: yoshinoyamongolia.com (Вэб), Yoshinoya Mongolia (Фэйсбүүк), @yoshinoyamongolia (Инстаграм)
Уриа үг: Эрүүл, Амттай, Түргэн

СЭДЭЛ

Би 2009-2013 онд Хятад улсын Технологийн Их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцах хугацаандаа оюутны дотуур байранд амьдардаг байлаа. Хичээл ихтэйн хажуугаар дотуур байранд хоол хийхэд хүндрэл ихтэй учир сургуулийнхаа цайны газарт хооллох нь их. Надад байсан олон сонголтуудаас хамгийн дуртай, хамгийн ойр давтамжтай иддэг нь “Yoshinoya” рестораны хоолнууд, тэр дундаа гюүдон (gyudon) байсан юм. Учир нь хоолоо захиалснаас хэдхэн минутын дараа бэлэн болдог учир цаг хэмнэхээс гадна гэрийн хоолтой дүйцэхүйц өег, шим тэжээллэг, амттай байдаг нь нэн таатай санагддаг байлаа. Ер нь бол үргэлж иддэг байсан шүү. Тэгсэн хэр нь биеийн жин нэмэгдэх эсвээс ходоод, хоол боловсруулах эрхтэн өвчлөх асуудал огт тулгарч байгаагүй. Үүнээс үүдээд тэдний хоолыг эрүүл, биед сөрөг нөлөөгүй гэдгийг мэдэрсэн.

“Yoshinoya” бол нь 123 жилийн түүхтэй, дэлхийд амт чанараараа танигдсан, 13 улсад нийт 2200 гаруй салбартай, нэр хүндтэй сүлжээ ресторан. Тэр ч утгаараа 2013 онд сургуулиа төгсөж ирснээс хойш дотоодын аль нэг групп компани энэ брэндийг Монголд оруулж ирэх болов уу хэмээн найдан хүлээсээр нэг мэдэхэд таван жил өнгөрчихсөн. Ингээд л “Ер нь өөрөө оролдоод үзье” гэж шийдээд багаа бүрдүүлж эхэлсэн дээ.

Судалгаа хийж үзэхэд манай улсад түргэн хэрнээ эрүүл хоолны зах зээл их байгааг олж харсан. Үүнийхээ дагуу “Yoshinoya” компанитай холбогдож үзэхэд Япон улсын Токио хот дахь төв оффист нь уулзалт хийх боломж гарсан юм. Тус уулзалтыг хийж байхад яг л хэсэг оюутнууд өөрсдийн төслийн ажлаа танилцуулж буй мэт мэдрэмж төрж байлаа. Гэсэн ч бид “Yoshinoya” брэндийг Монгол Улсад нээх, түгээн дэлгэрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж чадсан. Учир нь түүнээс хойш сар гаруйн дараа “Yoshinoya” компанийн төлөөлөгчид манай улсад зочлон ирж, өөрсдийн биеэр Монголын зах зээлтэй танилцаж үзээд тун удалгүй бидэнтэй эргэн холбогдсоноор 2019 оны арван хоёрдугаар сард “Улаанбаатар групп” ХХК франчайзын эрхээ авч гэрээлсэн түүхтэй.

ЯЛГАРАЛ

Бидний бусдаас ялгарах хамгийн эхний давуу тал бол эрүүл, түргэн хоол. Хүн бүр “эрүүл” гэх тодотголыг ялгаатайгаар тайлбарладаг ч миний хувьд ходоодонд хоргүй, хүний биед сөрөг нөлөөгүй хоолыг эрүүл гэж хэлнэ. Дараа нь хоолны амт. Ямар ч хоол хэчнээн эрүүл байсан ч дангаараа идэх дуршлыг хөдөлгөж чадахгүй. Амт чухал. Мөн хоолнууд маань богино хугацаанд бэлэн болж шинэхнээрээ, уур нь савссаар үйлчлүүлэгчид очдог.

Дэлхий даяарх 2200 гаруй салбарууд бүгдээрээ порц хоолоо боул (bowl) гэж нэрлэдэг стандарттай. “Yoshinoya” рестораны нэрийн хоол бол “Ангус” үүлдрийн үхрийн махтай гюүдон боул юм. Харин “Yoshinoya Монгол”-ын хамт олон рестораныхаа 123 жилийн түүхэнд анх удаа хонины махтай цэс гаргаснаараа бусад улсын салбаруудаас ялгарсан.

Монголчууд хэзээнээс хонь, үхрийн махаа идэх дуртай хүмүүс учир хэрэглэгчдийнхээ онцлогт тохируулан хонины махтай цэс гаргахаар шийдсэн юм. Япон улс дахь хонины мах иддэг цорын ганц газар болох Хоккайдо мужид хонь, үхрийн махыг “Чингис Хаан” нэртэй сүмсээр амтлан ил гал дээр шарж иддэг туршлага бий. Бид “Yoshinoya”-ийн чанар, стандартыг хангасан монгол хонины махыг тус сүмсээр амтлан уг шинэ жороо бүтээсэн. Манай нэрийн хоолыг идэж үзээгүй, эсвэл сайн мэдэхгүй хэрэглэгчид маань хонины махтай боулыг илүү таашаан иддэг нь ажиглагддаг.

Хоолны амт чанараас гадна “Yoshinoya” франчайзын бүх салбар ресторануудын дотоод засал чимэглэл, зохион байгуулалтаас өгсүүлээд аяга тавгийн загвар хийц хүртэл тэр чигтээ өөрийн гэсэн утга агуулгатай. Зүгээр л хаанаас ч хамаагүй авчраад тавьсан зүйл нэг ширхэг ч байдаггүй нь хамгийн гайхалтай.

YOSHINOYA ГЭЖ ЮУ ВЭ?

“Yoshinoya” нь Япон улсын хамгийн алдартай, №1 түргэн хоолны сүлжээ ресторан юм. Дэлхийн бүх улс үндэстэн идэхэд тохирсон орцтойгоос гадна өөрийн хүсэж буй амтаа идэх бүрэн боломжтойгоос гадна олон сонголттой гэдгээрээ онцлогтой.

“Yoshinoya Holdings” компанитай хамтарч ажиллахдаа миний ойлгосон зүйл бол тэдний хүний төлөөх сэтгэл, хүнийг дээдэлдэг философи. Мөн үйл ажиллагаандаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг нэвтрүүлсэн, тэгш хүртээмжтэй байдлын хэрэгжилтийг бүх үе шатандаа дэмжин ажилладаг, ёс зүйн өндөр сахилга баттай, эерэг соёлтой газар тул ажлаа бахархан хийдэг.

НЭР

“Yoshinoya” гэх нэрийг хэдэн ч янзаар орчуулж, утгачилж болно. Ханз тус бүрээр авч үзвэл “Аз, Талбар, Гэр” гэх утгыг илэрхийлнэ. Харин би уг нэрийг “Аз жаргалтай гэр бүл” хэмээн орчуулах дуртай. Энэ утга нь ч хувийн үнэт зүйлтэй минь нийцдэг юм. Тиймдээ ч манай багт нэгдэж буй шинэ ажилтнууддаа “Yoshinoya хэмээх аз жаргалтай гэр бүлд тавтай морил” гэж хэлж угтдаг заншилтай.

Нэрнээс гадна лого маань ч гүн гүнзгий утга агуулгатай. Төв хэсэгт буй гюүдон хоолны үндсэн орц болох үхрийн махыг дүрслэх бухын эвэр нь давхар англи хэлний цагаан толгойн ‘Y’ үсэг буюу нэрийн эхний үсгийг илэрхийлнэ. Түүнийг тойрсон 27 ширхэг будаанаас бүтэх олсны дүрс нь сумо бөхийн аварга Ёкозунагийн бүсийг дүрсэлсэн бөгөөд хамгийн чанартай, хамгийн шилдэг орцоор хоолоо бэлтгэн хүргэдэг гэсэн утгатай.

ОДОО

Яг одоо дараагийн салбаруудаа нээхээр ажиллаж байна. Ингэхдээ байршлын судалгаа, салбарын дотоод засал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт зэрэг үйл ажиллагааны асуудлууд дээрээ төвлөрч байгаа. Бид дотоодын зах зээлийг бүрэн хангах хүчин чадал бүхий салбаруудтай болохоор төлөвлөсөн. Эхний ээлжинд ойролцоогоор 15 салбар нээх шаардлагатай хэмээн тооцож буй. Мөн тэдгээр шинэ салбаруудын байршил, онцлогт тохирсон шинэ цэсүүд боловсруулахаар ажиллаж байна.

БАГ

Миний хувьд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар цоо шинэ байсан учраас багийн гишүүдээ туршлагатай, мэдлэгтэй хүмүүсээр бүрдүүлэхийг хичээсэн. Бие биенийхээ дутагдалтай талыг бусад нь нөхөөд явдаг нь манай багийн давуу тал.

“Yoshinoya”-ийн франчайзер болох төсөл гурван хүнээс эхэлсэн бол өдгөө бид гучаад ажилтантай болсон. Салбарын тоо нэмэгдэхийн хэрээр 400-500 ажилтантай болох байх шүү (инээв).

Манай багийн баримталдаг зарчим бол бүх зүйлд сэтгэлээсээ хандах. Эцсийн хэрэглэгчид бидний чин сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүрэх ёстой гэдэг дүрэмтэй.

ИРЭЭДҮЙ

Бидний зорилго бол “Эрүүл амьдралыг эрхэмлэгч их хотын завгүй залуусын эхний сонголт болох”.

Дэлхийн улс орнууд глобалчлагдсан энэ үед өөрсдийн боломжоо хайрцаглах биш шинэ боломжийг эрэлхийлж байх нь чухал. Улсынхаа ирээдүй нь болсон залуучууд бид аливаа асуудлын шалтгааныг бусдаас хайх биш өөрсдөө ягштал хөдөлмөрлөж, хөгжлийн гүүр, дэвшлийн гарц нь болох ёстой гэж боддог. Тиймдээ ч дотооддоо бизнесээ өргөжүүлэхээс гадна гадаадын улс орнуудад “Yoshinoya”-ын франчайзыг нээх мөрөөдлийг тээн ажиллаж байна.

ЭРСДЭЛ

2019 оны арван хоёрдугаар сард биднийг дөнгөж гэрээгээ хийгээд удаагүй байхад Хятад улсад Ковид-19 цар тахал гарсан юм. Тухайн үед би тус улсад албан томилолтоор явж таарсан ч эхний саруудад нөхцөл байдал тийм ч ноцтой байгаагүй учраас нэг их тоогоогүй. Гэтэл ажилтнуудаа ажлын журам, хоолны стандарт, байгууллагын соёлын гурван сарын бүрэн сургалтад хамруулахаар Япон, Хятад зэрэг улс руу явуулсан байх үе нь халдварын тархалт эрчимтэй нэмэгдэх үетэй давхацсан. Үр дүнд нь, сургалт дууссан ч ажилтнууд маань буцах онгоцгүй, хүнд цаг хугацааг өнгөрүүлсний эцэст нутагтаа ирсэн дээ.

Түүнээс хойш цар тахлын нөлөө хоол үйлдвэрлэл, ресторан үйлчилгээний бизнесийн салбарт хүчтэй цохилт болсноор төсөл маань эхэлж чадалгүй бараг хоёр жил зогсчихсон. Ингэснээр багийн гишүүд урам зориггүй болох, шантрах, ажлаа орхих нь олширсон нь тухайн үед их хүнд туссан даа. Тэр бүрт ажилтнуудаа хэрхэн зоригжуулах, урамшуулахаа мэдэхгүй байсан учир сэтгэлзүйн дарамтад орж байлаа. Дээрээс нь хоёр жилийн турш үйл ажиллагаа зогсонги байх нь санхүүгийн хувьд нэн алдагдалтай. Одоо бодоход тэдгээр сорилт, бэрхшээлүүд нь надад аливаа зүйлийн ард гарах, эхлүүлсэн ажлынхаа төгсгөлийг үзэх сахилга бат, тууштай байдалд суралцах боломжийг өгсөн болов уу.

Энэхүү франчайзыг Монголдоо оруулж ирэх анхны санаа төрснөөс хойш өнөөдрийг хүртэл хамтран ажилласан Япончууд, хамт олон, багийн гишүүд, ажилтнууд, хэрэглэгчид, өөрийн өмнөх туршлагуудаасаа тасралтгүй суралцсаар явна. Үүндээ тулгуурлан цаашдын үйл ажиллагаагаа улам сайжруулахаар ажиллаж байна.

ЭхлэлДэлгүүрХайхСагс
0
Нэвтрэх